/ /

  ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

2017.01.12                                                                                                Улаанбаатар хот

Нэг. УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ

1.1.  Цагдаагийн газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаас гаргасан тушаал, дүрэм, заавар, Цагдаагийн газрын даргын тушаалыг биелүүлж ажиллана.

1.2.  Байгууллагын дотоод журам нь алба хаагч, ажилтнуудын ажлын үр бүтээл, идэвхи санаачлагатай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, үнэлж дүгнэх сахилга, ёс зүйн харилцааг зохицуулна.

1.3.  Дотоод журмыг цагдаагийн газрын даргын тушаалаар батална.

1.4.  Дотоод журам нь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний заавал дагаж мөрдөх, удирдлага зохион байгуулалтын шинжтэй баримт бичиг мөн.

1.5.    Цагдаагийн байгууллагын шинэчлэл, уриаг хэрэгжүүлнэ.

1.6.    Алба хаагч бүр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж урьдчилан сэргийлэх ажлыг бусдад түгээж хүнд сурталгүй, шударга ёсыг эрхэмлэж ажиллана.

1.7.    Апба хаагч бүр өөрийн хариуцсан ажилдаа эзэн байж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатайгаа холбоотой хууль, дүрэм, журам, заавруудыг бүрэн дүүрэн судалж хэлбэрэлтгүй сахиж ажиллана.

1.8.    Цагдаагийн газрын дарга, тасгийн дарга нь удирдах ажилтны манлайллыг хангаж тухайн нэгжийнхээ бүрэлдэхүүнийг цэвэр ариун ёс суртахуунтай, шударга, бүтээлч хамт олон байлгах үүрэг хүлээнэ. /Монгол улсын төрийн албаны зөвлөлийн тогтоол/

1.9.    Шинээр алба хаагч, ажилтан авахдаа Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Монгол улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Хүний нөөц, алба хаах харилцаа” гэсэн 9 дүгээр бүлэгт хамаарах журмуудын дагуу боловсон хүчнийг судалж Цагдаагийн ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад хамруулахаар материалыг хүргүүлнэ.

1.10. Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс баталсан Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар болон Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-г үнэлэх журмын дагуу Газрын даргаас тасаг албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж бүтэн жилээр илтгэх хуудсаар авч дүгнэнэ.

1.11. Алба хаагч, ажилтнаа эрүүл мэндийн даатгалд хамруулан жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 3 жилд нэг удаа нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж түүний мөрөөр тодорхой ажил төлөвлөж хэрэгжүүлнэ.

1.12. Алба хаагч бүр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний стандарт, алба хаагчийн ёс зүйн дүрмийг өдөр тутам үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

1.13. Албан үүргээ гүйцэтгэж яваад эрх нь зөрчигдсөн болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад хэрэг нь /24.1.1, 208.1.2/ хэрэгсэхгүй болсон заалтаар, шүүхээр цагаатсан алба хаагчдын нэр төр, хөндөгдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авч ажиллана.

 

Хоёр. ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЖЛЫН ӨДӨР, ЦАГ

2.1.  Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн үйл ажиллагаа 24 цагаар баяр. амралтын өдөргүйгээр тасралтгүй үргэлжилнэ. Жижүүрийн албан хаагчид 3-4 ээлжээр, 48- 72 цаг амрах горимоор ажиллана. Хуваарьт ерөнхий эргүүл, хэв журмын байцаагч 08.00- 22.00 цаг хүртэл ажиллана.

2.2  Шаардлагатай тохиолдолд газрын даргын шийдвэрээр ажлын цагийг өөрчилж болно.

2.3   Газрын бүх алба хаагч, ажилтан нар ажлын, баяр ёслолын, амралтын аль ч өдөр албаны болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж болно. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажиллагаа нь Цагдаагийн ерөнхий газрын даргын, албаны бэлэн байдалд шилжих ажиллагаа нь цагдаагийн газрын даргын шийдвэрээр явагдана. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх ажиллагааг бие бүрэлдэхүүний түргэн цугларалтын төлөвлөгөөний дагуу явуулна. Түргэн цугларалтын схем, нийт бие бүрэлдэхүүний хаягийн бүртгэлийг алба хаагч өөрчлөгдөх тухай бүр баяжилт хийж шинэчлэн.

2.4.  Хэргийн газрын үзлэгийн багт томилогдсон мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч нь 24 цагаар бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

2.5.   Шугам замын хэсгийн төлөөлөгч, байцаагч, цагдаа нар Улаанбаатар хотод ажлаар ирэх тохиолдолд шууд удирдах даргадаа мэдэгдэж Улаанбаатар хотод ирсэн тохиолдолд цагдаагийн газрын жижүүрт ирсэн цаг, холбоо барих утас, байвал зохих хаягаа бүртгүүлж өглөөний рапортонд сууна.

2.6    Хариуцсан зангилаа, өртөөнд хөдөлгөөнт үүрэг гүйцэтгэх тухай бүртээ шууд удирдах дарга болон жижүүрийн хариуцлагатай зохицуулагчид мэдэгдэнэ.

2.7.    Цагдаагийн ажилтанд тавигдах шаардлагыг ханган биелүүлж чадаагүй холбогдох хуулийн заалт, цагдаагийн байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн дутагдал доголдол гаргаж иргэдийн эрх ашгийг хохироосон тохиолдол бүрд Төрийн- албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд зааснаар хариуцлага тооцож ажиллана

2.8.    Цагдаагийн газрын алба хаагчид, ажилчдын цаг ашиглалтын байдлыг тасгийн дарга нар бүртгэж, хяналт тавина. Конторын алба хаагчид, ажилчдын өглөөний рапорт, үдийн завсарлага, орой тарах цагийг журам сахиулагч хөтөлж удирдлагуудад танилцуулна.Алба  хаагчид, ажилчид гадуур ажилласан тохиолдолд тусгай бүртгэл хөтлөх бөгөөд түүнийг  журам сахиулагч хөтөлнө.

2.9.    Газрын дарга 14 хүртэл хоногийн байгууллагын дарга 14 хоногийн цалинтай албадын дарга нар 1 сар, цагдаагийн төв байгууллагын дарга 2 сар хүртэл хугацаатай цалингүй чөлөөг тушаалаар олгоно. Чөлөөний нийт хугацаа 3 сараас хэтрэхгүй чөлөө өгөх эрхтэй ба цалинтай чөлөөг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай үед олгоно. Цалинтай чөлөө аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдвол чөлөө авсан хугацааны цалинг олгохгүй байж болно. Чөлөөний хуудсыг үндэслэн цагийн тооцоог хийнэ. /Чөлөө олгох асуудалд ЦЕГ-ын даргын баталсан Код 933 журмыг баримтална/

2.10.  Алба хаагч, ажилтан ажил, амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явах бол тасгийн дарга нарт, ээлжийн амралтын хугацаанд гадаад улсад явах зэрэг бусад шаардлагатай тохиолдолд газрын даргад мэдэгдэнэ.

2.11.  Шугам замд ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, байцаагч, цагдаа нар 22.00-06.00 цагийн хооронд 2 цаг тутамд нөхцөл байдлын мэдээг цагдаагийн газрын  жижүүрийн шуурхай албанд өгнө.

2.13.  Жолооч нар ажилд гарахдаа рапортанд сууж, буухдаа жижүүрт бүртгүүлэн албаны автомашиныг Цагдаагийн ерөнхий газрын авто баазын гараашид тавина. Гараашаас зөвхөн хуваарь, зөвшөөрлийн дагуу гарч ажил үүрэг гүйцэтгэж замын хуудасны тооцоог цаг тухайд нь хийнэ.

2.14.  Хэрэг учралын дуудлагаар хэргийн газрын үзлэгийн баг ажиллан үйлдэгдсэн гэмт хэргийн төрлийг харгалзан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нар оролцох ба үзлэгийн багийн бүрэлдэхүүнийг өөрчилж болно. Хүнд, онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт цагдаагийн газрын  дарга оролцож мэргэжлийн удирдлагаар хангана.

2.15.  Суудлын галт тэргэнд ажиллах хуваарьт алба хаагчид УБЗҮТБуудалд 1 цагийн өмнө ирж эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

Гурав. АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

3.1.    Цагдаагийн газар, тасгууд, алба хаагч нар ажлаа улирал, хагас, бүтэн жилээр төлөвлөж удирдах даргаар батлуулна. Тасгийн даргын ажлын төлөвлөгөөг газрын дарга, алба хаагчдын төлөвлөгөө, ажлын тэмдэглэлийг тасгийн дарга баталж биелэлтэнд хяналт тавьж ажиллана.

3.2.    Газар  болон тасгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг нэр заагдсан албан тушаалтан хариуцаж гүйцэтгэнэ.

3.3.   Газрын  жил, улирлын ажлын төлөвлөлт, биелэлтийг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар, тасгийн жил, улирлын ажлын төлөвлөлт, биелэлтийг тасгийн хамт олны хурлаар хэлэлцэж үнэлэлт , дүгнэлт өгч санал авна.

3.4.  Газрын  дарга тасгийн дарга нарын, дарга ахлахууд харьяалах алба хаагчдын ажил үүргийн гүйцэтгэл, сахилга ёс зүйд өдөр тутмын хяналт тавьж зөрчил дутагдлыг засуулна.

3.5.  Газрын  дотоод хяналт шалгалтын ажлыг дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга хариуцаж хянаж хэрэгжүүлнэ.

3.6   Дээд газрын хөтөлбөр, тушаал, шийдвэрийн төлөвлөлт, биелэлтийг хариуцуулсан тасаг, алба хаагчид бүрэн дүүрэн хариуцна.

Дөрөв. АЛБАНЫ БИЧИГ ХЭРЭГ ХӨТЛӨЛТ,

ТЭДГЭЭРИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ

4.1.   Газрын  хэмжээнд албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг Үндэсний архивын газрын даргын баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, ЦБҮАЖ-ын “Архив албан хэрэг хөтлөх журам код 120”-ын дагуу явуулна. Газрын архив албан хэрэг хөтлөх ажилд ТЗБТ-ийн дарга хяналт тавьж, нууцын ажилтан, архив хариуцсан ажилтан, бичиг хэргийн эрхлэгч, хүний нөөцийн хэрэг хөтлөгч, бичээч операторуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавина.

4.2.   Нууцын зэрэглэлтэй бичиг баримттай газрын  дарга, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нар танилцана. Гүйцэтгэх ажлын шуудангийн материалыг нууцын бичээч, бичиг хэргийн эрхлэгч хүлээн авч бүртгэлд бүртгэн задлахгүйгээр хүлээлгэн өгнө. Шилжүүлэх болон олгохдоо бүртгэлд авсан, өгсөн алба хаагчийн цол, нэр, гарын үсэг, сар өдөр, цагийг тэмдэглэнэ.

4.3.  Бичиг хэргийн эрхлэгч амарсан, түр хугацаагаар эзгүй үед бичээч орлож ажиллана

4.4.    Алба хаагч бүр албан бичиг баримт, шалгаж буй хэрэг, зөрчлийн материалыг зориулалтын сейфэнд хадгалж, тасалгааны хаалга, сейфийг ажил тарах, удаа- хугацаагаар гадагш гарах тохиолдол бүрт лацдаж түгжин, цахилгааны эх үүсвэрийг бүрмөсөн салгаж аюулгүй байдлыг хангаж ажиллана. Алба хаагч бүр өөрийн компьютер болон дотоод сүлжээнд нэвтрэх код, нууц дугаарын нууцлалыг чанд хадгална.

4.5.   Ямар ч тохиолдолд өрөө, сейф, ширээний цоож, хаалга цүүг цоожгүй орхих, албан бичиг, эд мөрийн баримт ил байлгах, ажлын байранд гадны хүн үлдээх саатуулахыг хатуу хориглоно./4.4-тэй ижил утгатай/

4.6.  Телефон утсаар /дотуур, гадуур/ гүйцэтгэх ажлын холбогдолтой асуудлыг ярих, радио станцаар албаны бус зүйл ярихыг хориглоно.

4.7.  Дотоод сүлжээ болон интернетийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглана.

Тав. МЭДЭЭ ТАЙЛАН ГАРГАХ, АЛБА ХААГЧДЫН АЖЛЫГ ДҮГНЭХ ЖУРАМ

5.1 Дарга нар албаны болон алба хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлт, дээд газрын тушаал шийдвэрийн биелэлтийг сарын сүүлийн өдөр 30-ны өдрөөр тасалбар болгон дүгнэж нэгжийн хурлаар хэлэлцэн, мэдээг Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албадад хугацаанд нь хүргүүлнэ. Алба хаагч ажилчдын ажлын дүн, сахилга хариуцлага, идэвхийг үндэслэн цалин нэмэх, хасах саналаа сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн даргад өгнө.

5.2         Сар бүрийн эхний 7 хоногт газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар тасагажилтнуудын сарын ажлын дүн, сахилга, ёс зүйг хэлэлцэж цалинг нэмэх, хасах, шагнал шийтгэл хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ.

5.3         Дарга нар өнгөрсөн 14  хоногт хийсэн ажил, алба хаагчдын сахилга хариуцлагын талаар мэдээллээ илтгэх хуудсаар газрын даргад танилцуулан үүрэг чиглэл авна.

5.4         Цагдаагийн газрын дарга эрүү, хэв журмын нөхцөл байдлыг сар бүр газрын бүрэлдэхүүнд мэдээлж, хийх ажил, анхаарах асуудлаар заалт чиглэл өгнө.

5.5      Цагдаагийн газрын жилийн ажлын тайланг хамт олноор хэлэлцүүлж санал шүүмжлэлийг дараагийн жил, улирлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.

5.6         ЦБҮАЖ-ын код 128-д заасны дагуу офицерууд хариуцсан байгууллагууддаа тайланг танилцуулж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан идэвхи санаачлагатай ажиллана.

Зургаа. ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ,

ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ

6.1.    Гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх хариу өгөх ажиллагааг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 170, 171, 172 дугаар зүйл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Монгол улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг удирдлага болгон хэрэгжүүлнэ.

6.2.   Иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс гаргаж буй өргөдөл, гомдол, мэдээллийг өдөр, цаг харгалзахгүйгээр эрх бүхий албан тушаалтан хүлээн авч холбогдох албан тушаалтнуудад яаралтай танилцуулж шийдвэрлэнэ. Эзэнгүй болон хүнд, онц хүнд гэмт хэргийн тухай мэдээллийг газрын дарга /түүний эзгүйд дэд дарга болон орлож буй тасгийн дарга нарт цаг алдалгүй танилцуулж шийдвэрийг шуурхай зохион байгуулна.

6.3.   Тасгийн дарга, ахлахууд өөрийн албаны ажилтнуудын шалгаж буй өргөдөл, гомдол, мэдээллийн хугацаа, хуулийн хэрэгжилт, үр дүнд өдөр тутмын хяналт тавьж зөрчил, дутагдлыг засуулна.

6.4.  Захиргааны зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авах бүртгэх, шалгах, шийдэж хариу өгөх ажиллагаанд мэдээлэл судалгааны мэргэжилтэн болон нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах зохицуулагч, гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдэж хариу өгөх ажиллагаанд мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга тус тус хариуцан хяналт тавьж ажиллана. Хариуцсан алба хаагч нарын хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, саналын талаар 7 хоног бүрийн Даваа гарагийн өглөөний рапортын дараа мэдээлнэ.

6.5.    Криминологийн баг төмөр замын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилд сар бүр дүн шилжилгээ, судалгааг тогтмол хийж цаашид хийх ажлын санал дүгнэлтийг газрын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах.

 

Долоо. ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ

7.1  Хот, аймаг болон суманд томилолтоор ажиллах алба хаагч хийж гүйцэтгэх ажлын удирдамж, төлөвлөгөөг албаны даргаар зөвшөөрүүлэн газрын даргаар батлуулж хоногоо тогтоолгож томилолт, унаа, шатахууны асуудлыг шийдвэрлүүлнэ.

7.2      Томилолтоор ажилласан алба хаагч ирсэн өдрийн ажлын цагт багтаан тасгийн даргадаа, тасгийн дарга нь газрын даргад ажлын үр дүнгээ танилцуулж томилолтоо дүгнүүлнэ. Ажлын үр дүнг харгалзан томилолтын мөнгийг гүйцэтгэлээр хувь тэнцүүлж олгоно. Ажлын гүйцэтгэлийг харгалзан томилолт олгохгүй байж болно.

7.3      Томилолтын зардлын тооцоог газрын даргын шийдвэрээс хойш 5 хоногийн дотор санхүүтэй тооцоо хийж дуусгана.

 

Найм. ХИЧЭЭЛ СУРГАЛТ,

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ

8.1.     Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний дунд явуулах албаны болон мэргэжлийн сургалт, соён гэгээрүүлэх, биеийн тамир спорт, олон нийтийн ажлыг Цагдаагийн төв байгууллагын сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж газрын даргын баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу явуулна. Алба хаагчид мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлж, албаны нууцыг чанд хадгалж ажиллана.

8.2.   ЦЕГ болон газраас зохион байгуулж байгаа арга хэмжээнд /сургалт, хурал бусад нийтийг хамарсан арга хэмжээ/ алба хаагч бүрийг оролцуулах асуудлыг тасгийн дарга нар хариуцна. Арга хэмжээ бүрд хамрагдсан алба хаагч бүрийг бүртгэж сарын эцэст ажил дүгнэх үзүүлэлтэд оруулж тооцно.

8.3.       Албаны болон мэргэжлийн сургалтыг ЦЕГ-ын даргын тушаалаар баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу газрын даргын баталсан хичээл сургалтын хуваариар зохион байгуулна.

Пүрэв гараг              а. 09.00-12.00 цаг Албаны сургалт

                               б. 16.00-18.00 цаг Бялдаржуулах сургалт

8.4      Мягмар гарагт соён гэгээрүүлэх ажил, ЦЕГ-ын болон дотоод мэдээлэл явагдана.

8.5.    Бүрэлдэхүүний дунд улиралд нэг удаа урлаг, биеийн тамир, мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулна.

8.6.    Цагдаагийн газар, тасгууд /орон нутаг/ ажил албаа сурталчлах “Нээлттэй өдөр”-ийг сар бүр газрын даргын баталсан хуваарийн дагуу зохион байгуулж явуулна.

Ес.САХИЛГА ДЭГ ЖУРАМ, СОЁЛЖИЛТ

9.1.    Цагдаагийн газар нь ажил үүргийн гүйцэтгэл, дэг журам, тохижилт соёлжилтоор тэргүүний байгууллага байх зорилт тавьж ажиллана. Дарга нар албаны ажил. ажилтнуудын ажил үүргийн гүйцэтгэл, сахилга хариуцлагыг бүрэн хариуцаж ажиллана.

9.2.    Алба хаагч бүр аливаа дутагдал зөрчилтэй эвлэрэлгүй тэмцэл хийж шударга ёс, зарчимч шаардлагыг эрхэмлэж ажиллана.

9.3.    Сахилгын зөрчил гаргасан алба хаагч, ажилчдад зөрчил илэрснээс 72 цаг дотор албаны шалгалт хийж ёс зүйн зөвлөл, газрын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж шийдвэр гаргана.

9.4.    Бүрэлдэхүүний сахилга хариуцлага ёс зүйн байдал, зохиосон ажлын талаар тухай бүр газрын хэмжээнд улиралд 1 удаа зөвлөгөөн хийж хамт олноороо хэлэлцэж дүгнэлт гарган ажил зохионо.

9.5.    Бүрэлдэхүүний дунд улиралд нэг удаа шуурхай бэлэн байдал болон сард 1 удаа жагсаалын үзлэг шалгалт хийж зөрчил дутагдлыг засуулна.

9.6.    Алба хаагч бүр ажлын байрандаа цэвэр соёлтой, тохитой байх бололцоог хангаж, эзэмшиж байгаа эд хөрөнгө, техник хэрэгсэл, дүрэмт хувцсаа гамтай хэрэглэнэ. Хэрэв алба хаагч ажилтны буруугаас эвдэж гэмтээж, алдаж үрэгдүүлбэл тухай үеийн ханшаар төлүүлнэ.

9.7.    Газрын алба хаагч бүр сахилга, ёс зүйн талоныг албаны бичиг баримтын хамт хэрэглэж, журам зөрчсөн тохиолдолд анхааруулж цоолон журмыг хэрэгжүүлж ажиллана.

9.8.    Ажилчин, алба хаагчдаас дараах зүйлийг хориглоно.

а/ Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай, ажлын байранд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэх

б/ажилдаа согтуу буюу согтууруулах ундааны зүйл үнэртүүлж ирэх

в/ Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох

г/ Ажлын байранд төрөл бүрийн тоглоом тоглох

д/ Хэрэг зөрчил гаргах, бие биетэйгээ зүй бусаар харьцах

е/Дүрэмт хувцас, энгийн хувцас хольж хэрэглэх

ё/Ажлын байранд согтуу хүн нэвтрүүлэх

ж/Зөвшөөрөлгүй газар утаат тамхи татах

з/ удирдлагаас өгсөн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх

 

9.9.    Газрын нийтийн эзэмшлийн эд хөрөнгө /бие засах газар, коридор, техник хэрэгсэл,гадна орчны гэрэл чимэглэл, зүлэг, мод гэх мэт/-ийн бүрэн бүтэн байдлыг тухайн өдрийн хариуцлагатай жижүүрт ажиллаж буй алба хаагч биечлэн хариуцаж эвдрэл гарсан тохиолдолд шалтгааныг олж тогтоон буруутай этгээдээр нөхөн төлүүлж ажиллана.

Арав. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ БА ТЭТГЭМЖ

 

10.1.  Ажлын үр дүн сахилга ёс зүйгээр хамт олноо хошуучлан ажилласан, онцгой гавьяа байгуулсан алба хаагчийг төрийн дээд шагнал, одон медаль, ХЗЯ, Цагдаагийн ерөнхий газрын болон байгууллагын шагналд тодорхойлно.

Цагдаагийн газрын шагнал:

а/ Хөдөлмөрийн аварга                         50.000 төгрөг

б/ Баярыг бичиг                                        25.000 төгрөг

10.2.  Алба хаагчдын ажлын идэвхийг өрнүүлэх, ажлын байрны тохижилтыг сайжруулахад болзолт уралдаан зарлах, олгох шагналыг тухайн үеийн газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

10.3.  Төрийн алба хаагчдад үзүүлэх хөнгөлөлт, буцалтгүй тусламжийн хэмжээг Төрийн албаны тухай хуулийн дагуу олгоно.

10.4.  Төрийн дээд одон медаль, хүндэт цол, Хууль зүйн тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар. Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнагдсан алба хаагчдад хэлтсийн дарга зөвлөлийн гишүүд хамт олны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч баяр хүргэн цэцэг гардуулж хүндэтгэл үзүүлнэ.

10.5. Цагдаагийн цолоор шагнагдсан, эрдмийн зэрэг цол хамгаалж боловсролоо дээшлүүлсэн, Цагдаагийн Академи төгсөж цагдаагийн албанд томилогдсон хүмүүсийг цагдаагийн газрын даргын зөвлөл, хамт олны төлөөлөгчид хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүлнэ.

Арван нэг. ШИЙТГЭЛ, ЗЭМЛЭЛ

11.1.   Алба хаагч, ажилтан сахилгын зөрчил, ажлын алдаа гаргавал албаны шалгалт явуулж, МУ-ын Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

11.2  Хэрэв цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилд холбогдсон түүнд өртөж хохирсон тохиолдолд шууд харьяалан удирдах даргадаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

11.3    Алба хаагчийн хариуцлагагүй ажиллагаа, сонор сэрэмжгүй байдлаас газрын санхүүд үргүй зардал гарсан мөн хариуцсан эд хөрөнгийг үрэгдүүлж эвдэлж, гэмтээсэн тохиолдол бүрт нөхөн төлүүлнэ.

11.4  Алба хаагчдаас хүндэтгэх шалтгаангүйгээр ажилд хожимдсон, албаны бэлэн байдал шалгахад ирээгүй, олон нийтийн арга хэмжээ тасалсан тохиолдол бүрд цаг ашиглалтыг тооцож үндсэн цалингаас хасна.

Жич: Энэхүү дотоод журамд тусгагдаагүй бусад аливаа асуудлыг Монгол улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон бусад журам заавруудыг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010, 2011 оны тушаалуудаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам” эмхтгэлийн 9 бүлэг 240 гаруй журмуудад заасны дагуу шийдвэрлэнэ.

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр хурлаар хэлэлцэж бие бүрэлдэхүүний санал хүсэлтийг тусгав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна