/ /

 ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ, ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ

ҮЗҮҮЛЭХ БОЛОН ИРГЭНИЙ БУСАД ХЯНАЛТ ТАВИХ

21 дүгээр зүйл.Иргэний зөвлөл

21.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна.

21.2.Засаг дарга Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, хяналт тавихгүй бөгөөд түүний хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

21.3.Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 21.4-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн таван жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй, Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно.

21.4.Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн таван жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.

21.5.Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.

21.6.Иргэний зөвлөл доор дурдсан бүрэн эрхтэй байна:

21.6.1.цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох;

21.6.2.цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

21.6.3.цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх;

21.6.4.цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

21.6.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах.

21.7.Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмжөө хүргүүлнэ.

21.8.Иргэний зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар гишүүдийн олонхын саналаар нэг жилийн хугацаагаар сонгоно.

21.9.Иргэний зөвлөлийн төсөв, гишүүдийн урамшлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

21.10.Иргэний зөвлөлийн дүрмийг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

22 дугаар зүйл.Иргэний зөвлөлд хориглох зүйл

22.1.Иргэний зөвлөлд доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

22.1.1.цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох;

22.1.2.улс төрийн үйл ажиллагаа явуулах.

Хэвлэх

23 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих бусад хяналт

23.1.Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын алба зөвхөн хуульд тусгайлан эрх олгосон асуудлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

23.2.Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналтыг холбогдох хуулиар зохицуулна.

23.3.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.

23.4.Цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, төрийн болон төрийн бус байгууллага эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй.

23.5.Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол цагдаагийн байгууллага 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулах үүрэгтэй.

23.6.Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг Засгийн газар хариуцан арилгана. Хохирол барагдуулахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна